Дэлгэрэнгүй

IQ тест бий болсон түүх.

Өөрийгөө танин мэдье гэж эртний грекчүүд бидэнд гэрээсэлжээ. Эртний грекчүүдийн бодож байсанчлан ийм мэдлэг нэг их ашиг тустай бус хэдий ч орчин үеийн сэтгэл зүйчдийн үзсэнээр одоогийн ихэнхи хүмүүс өөрсдийнхөө бие хүний чанар, темперамент, оюун ухааны чадвар, зан араншин, авъяас чадвар гэх мэт зүйлийг юу юунаас илүүтэй сонирхож явдаг гэнэ. Оюуны хөгжлийн түвшинг тогтоох анхны тестүүд бүр 100-аад жилийн өмнө үүсчээ. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь өөр хоорондоо адилгүй шинжлэх ухааны хоёр салбарын дундаас төрсөн билээ.
Асуудлуудыг хангалттай дэвшүүлсэн философийг эцэг нь гэвэл судалгааны аргаар хангаж өгсөн физиологийг эх нь гэж хэлж болно. Оюун ухааныг хэмжих талаар ихээхэн сонирхож байсан боловч төдийлөн сайн үр дүнд хүрч чаддаггүй байсан ажээ. IQ-intelligence quotient буюу монголоор оюуны илтгэцүүр, оюун ухааны коэффициент гэсэн нэр томьёо ойлголтыг сэтгэлзүйн шинжлэх ухаанд анхлан Францын сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгч Альфред Бине оруулж ирсэн түүхтэй.

Оюун ухааны үйл ажиллагаа, түүний чадварыг тэдгээрийн ажиллагааг, илрүүлж чадахуйц тестээр хэмжих хэрэгтэй гэдэг нь хамгийн зөв бөгөөд энгийн зам байлаа. 1914 онд Францын боловсролын яамнаас оюуны хөгжлөөр хоцрогдсон хүүхдийн боловсролын асуудлааар тусгай комисс томилж, энэ зорилгоор Бине анхны тестүүдийг боловсруулжээ. IQ нь хүний оюуны чадварыг илэрхийлэх тоон үзүүлэлт бөгөөд гоц авьяас чадвар, оюуны хөгжлийн түвшин, сэтгэх чадварыг харуулдаг. Францын засгийн газар уг эрдэмтэнд оюуны чадвар сул хүүхдийг нийгмээс ялган тусгаарлах үүрэг өгч үүний үндсэн дээр IQ тест зохиогдсон. Тэрээр өөрийн тестээр хамгийн муу сурлагатай гэсэн 50 хүүхдийг тус орны өнцөг булан бүрээс сонгон авч сургасан. Хоёр жилийн дараа түүний сургасан хүүхдүүд бусад хүүхдүүдээс дутахгүй ухаантай онц сайн сурдаг болсон билээ. Эндээс Бине нэг дүгнэлт хийсэн нь аливаа хүний төрөлхийн өгөгдөхүүн ерөнхийдөө ижил бөгөөд сайн муу сурах нь сурах арга барил болон багшийн заах арга барилаас шалтгаалах явдал гэсэн.

Түүний IQ тест энэ үеэс эхлэн дэлхийн олон оронд түгэж ихээхэн нэр хүндтэй болсноор барахгүй анхлан гарч байсан зорилго нь өөрчлөгдөж хүний ухаантай эсэхийг нь шалган тогтоодог гол хэмжүүр болсон байна. Бинегийн тест буй болсны дараа 1916 онд АНУ-ын Станфордын их сургуулийн профессор Левис Терман хүний IQ-г коэффициентээр илэрхийлэх аргыг олжээ.
IQ тестийг зохиохдоо хүнд байдаг ерөнхий гол чадваруудыг хамарсан бодлого дасгалуудыг оруулдаг. Жишээлбэл:
* логиктой сэтгэх чадвар
* хэл ярианы чадвар буюу вербал сэтгэлгээ
* асуудлыг шийдэх болон бүтээлч чадвар
* орон зай, өнгө дүрсний буюу визуал сэтгэлгээ гэсэн дөрвөн гол чадварыг шалгаж IQ-г тогтоодог.
IQ тест нь оюуны чадварыг бодитой тогтоодог. Таны тестэнд үзүүлсэн IQ оноо хэр бодитойгийн тухай авч үзье. Шулуухан хэлэхэд эхнээсээ л шүүмжлэлтэй байнга тулгардаг зүйл гэвэл энэ л байх. Оюун ухааны мөн чанарын тухай үзэл бодлын зөрөө мэргэжлийн бус хүмүүсийн дунд мэргэжлийн хүмүүсийнхээс их байдаг. Оюун ухааны төвшинг үнэлдэг хэмжүүр үнэхээрийн байдаг юм бол тест ямар ч хэрэггүй байхсан гэж тэдэнд хандаж хэлмээр байна.
Оюуны өндөр хөгжилтэй хүмүүс бусад хүмүүстэй зэрэгцэн суугаад ухаан шаардсан дасгал даалгавруудыг илүү сайн боддог гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Тухайлбал шинэ зүйл сурахтай холбоотой бүх үйл цоо шинэ баримт зарчмуудыг сэтгэн гаргах, түүнийгээ шинэ нөхцөл байдалд уялдуулан хэрэглэх гарт байгаа баримтыг нэгтгэн зүй тогтлыг илрүүлэх гэх мэтийн оюуны үйлдлүүдийг нэрлэж болно. Эдгээр чадварууд сурах үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй.
Суралцагчийн хэр амжилттай сурсныг шалгалт авч тодорхойлдог. Шалгалтанд хэр амжилттай дүн үзүүүлэх нь олон хүчин зүйлсээс шалтгаалах боловч шалгалтанд үзүүлж байгаа дүн ба IQ-ийн хооронд шууд хамааралтай байдаг байна. Хэрэв ийм хамаарал байгаагүй бол IQ тест авч дараа нь тэднийг төгсөх үеийн амжилттай нь харьцуулах судалгааг олон жилийн туршид хийсний дүнд сайн дүнтэй төгсөж байгаа төгсөгчийн анх дээд сургуульд элсэж байх үеийн IQ тестийн оноо, сайн дүнтэй төгсөж чадаагүй төгсөгчийнхөөс 10 нэгжэээр өндөр, дипломтой төгсөгчийнх дипломгүй төгсөгчийнхөөс 15 нэгжээр өндөр байдгийг тогтоожээ.
IQ нь 115 хүрээгүй хүүхэд чанартай дээд сургуульд элсэж чадсан тохиолдол бараг байхгүй байв(АНУ-д хийгдсэн судалгаагаар). Энэ бол IQ тест хүний жинхэнэ оюуны чадварыг амжилттай хэмжиж чадаж байгааг харуулж байна. Ярилцлагын арга хэрэглэн сонгон шалгаруулалт хийх нь тийм ч шилдэг сайн арга биш. Туршлагатай шалгагчдын IQ тест хэрэглэхгүйгээр хийсэн урьдчилсан дүгнэлт субъектив агуулга ихтэйгээсээ болж тэр бүр онож чаддаггүй нь олон удаа нотлогджээ.
Сурагчийг дунд сургуулийн багш нь л жинхэнэ зөв дүгнэж чадна гэж олон хүмүүс ярьдаг. Үнэхээрийн сурагчдын IQ тестэнд авсан оноо ба багшийн үнэлгээ хоёр нилээн ойролцоо байдаг байна. IQ тестийн үзүүлэлт нь багшийн үнэлгээ болон шалгалтанд авсан оноотой зөрж байгаа тохиолдлуудыг сонирхож үзэхдээ дараахи хэдэн хүчин зүйлийг тооцох хэрэгтэй. Сурагчдын авъяас чадварын тухай багшийн дүгнэлт нь тухайн багшийн заадаг хичээлээс ихэнхидээ хамаардаг. Баяр гэдэг хүүхэд хэлэнд сонирхолтой, англи хэлний хичээлдээ онц дүн авдаг учраас англи хэлний багш түүнийг өндрөөр үнэлнэ., гэвч Баяр математикт дургүй учраас математикийн багш түүнийг чадвар султай гэж дүгнэнэ. Гэтэл Баяртай адилхан IQ-тэй Цэнгэлийн хувьд бүх зүйлс эсрэгээр, Цэнгэл тоо бодох дуртай харин хэлэнд дургүй. IQ тест нь иймэрхүү субъектив үнэлгээнээс зайлсхийхэд тустай.
Суралцагч оюун ухаан муутайдаа биш харин тэвчээртэй ном үзэн сууж сураагүйгээсээ болж шалгалтанд муу дүн үзүүлж болно. Хүний тэвчээр, шаргуу зан оюуны чадвараас үл хамаарна. IQ тестэнд хувь хүний эдгээр чанарыг шалгадаггүй. Энэ нь халууны шилээр хүний биеийн өндөр, жин, даралтыг хэмжиж болдоггүйтэй адил юм. Хүүхдийн оюуны чадвар, тэвчээртэй шаргуу зан, сэтгэлээр унадаггүй өөдрөг байдал гэсэн 3 чанарыг зэрэг шалгадаг тест байдаг гэж үзье. Хэрэв Баярын оноо энэ тестээр 90 г арчээ гэж үзвэл Баяр оюун ухааны хөгжлийн хувьд бага зэрэг хоцорсон, тэвчээр сайтай, сэтгэл санаагаар унахдаа ховор гэх юм уу аль эсвэл Баяр оюуны хөгжил сайтай, гэвч хэт мэдрэмтгий, тэвчээр муутай гэх мэтийн таамаг хэлж болох байлаа. Гэвч эдгээр 3 чанарыг тус тусад нь шалгасан нь хавьгүй илүү үр дүнтэй.
IQ тестийн дүн бусад үнэлгээтэй зөрөх бас нэг шалтгаан нь дур сонирхолтой холбоотой. Морийг ус руу хөтөлж авчирч болох боловч ус уулгах хэцүү байдагтай адил хүүхдийг хичээлд суулгаж болох боловч юм сургах бас л хэцүү. Тестийг эсэргүүцэн шүүмжлэгчид Уинстон Черчилл дунд сургуульд муу сурдаг байсан, тэрээр IQ тестэнд өөдтэй дүн авахгүй л байсан байх, гэтэл Черчиллийн амьдралдаа хийсэн ахиц дэвшил нь IQ тест ямар ч хэрэггүй гэдгийг баталж байна гэцгээдэг. Хэдийгээр Черчилл ямар ч тест өгөөгүй, тест өгсөн бол ямар үзүүлэлт гарах байсныг бид мэдэхгүй боловч тэр нөхдүүдийн үзэж байгаагаар Черчилл боловсрол эзэмших гэж чадах ядахаараа зүтгэж байсан гэнэ. Түүний намтрыг уншаад үзэхэд байдал шал эсрэгээр байсан гэдэг юм билээ.



One Response so far.

  1. Unknown says:

    goy medeelel oruulje

Leave a Reply

.

.